“Манжуур хот” аяллын тэмдэглэлээс…

ГАНГАСҮРЭГТЭН овогтой БЯХАРСҮРЭНГИЙН МӨНХТУГ

Миний олж харсан #МАНЖУУР хот

БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн МАНЖУУР хотруу аялаад ирсэн замын тэмдэглэлээ тантай хуваалцаю гэсэн юм.
Хятад-Орос улсын хилийн боомт хот л доо.
Уг нь манай компани Манжуур руу аялал хийдэг юм. Гэхдээ захирлаар нь ажилладаг миний бие сая явж үзлээ. Сайн менежертэй болохоор өнөөг хүртэл явах шаардлага гарсангүй.
Наадмын олон хоногийг ашиглан, мөн харилцагч маань урьсан тул гэр бүлээрээ аялаад ирлээ.
Зарим найзууд МАНЖУУР-т юу үздэг юм гэж хэлдэг. Надад бол хүн хаана ч очсон, өөрөө үзье л гэж бодсон бол сэтгэлдээ таарах, өөрийн дуртай зүйлтэйгээ таарна гэж боддог. Тийм болохоор надад таалагдсан МАНЖУУР, миний олж харсан МАНЖУУР-ын тухай л хуваалцах гээд байгаа юм.
Манжуур бол үзэх юм ихтэй. Дээр нь түүхэн талаасаа ч Монголчууд эртнээс нутаглаж буй газар нутаг.   20228654_10155024142228152_8616210207547391050_n

За тэгээд Хүннү эйр компанидаа баярлалаа. Шууд л нисээд яваад оччихлоо. Манжуурын нисэх буудал хоёр давхар сайхан барилга байлаа.  300,000 хүнтэй хот гэхэд олон улсын нислэг хүлээгээд авч байгаа нь бас бахархууштай.

20108225_10155024097223152_4467245275371692817_nДорнод Монголын хилийн зүүн хойно орших ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг гэж буй. Тус аймгийн баруун хойд хэсэгт Манжуур хот оршино. Зүүн, өмнөд, баруун талаараа Шинэ Барга Зүүн хошуу, Шинэ Барга Баруун хошуутай, хойд талаараа Оросын Холбооны Улстай 54 км урттай хилээр хиллэнэ. Манжуур хот болон хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд Оросын Забайкальск хот шууд харагддаг юм билээ.

Манжуур нь Хөлөнбуйрын тал хээр нутагт орших бөгөөд “Хөлөн нуур”, “Буйр” нуураар нэрлэгдсэн тус аймаг Монголын Дорнод аймагтай хил залган орших БНХАУ-ын нутаг дэвсгэр.
“Хөлөн” нуурыг бид “Далай нуур”, “Сангийн далай нуур” гэдгээр мэддэг. Харин Буйр нуур бол Монгол улсын зүүн хязгаарыг чимэглэн орших үзэсгэлэнт тэр нуур.  Хөлөн нуур нь 2,600 км² талбайтай, дундаж гүн нь 5 м бүхий Хөлөн нуур бий. Онгоцоор дээрээс их том нуур харагдана. Далай юм уу л гэж андуурахаар.

За энд буриад, барга ах дүү нар олноороо таарна. Зарим нь Монголоороо ярина. Зарим нь таг. Ресторан ажиллуулаад л “Орос, Монгол, Хятад кухня” гэж тавьчихаад л Монгол зохиолын дуу эгшиглүүлээд, ресторандаа хаа сайгүй Чингис хааны хөрөг, морин хууртайгаа зэрэгцүүлэн өлгөчихсөн байх. Буриад ах дүү нар Монголоор арай илүү ярьж байна уу даа гэж бодогдох.23469272_1613933605296293_1975863724_o

Бяцхан түүх сөхвөл 1893 онд Хаант Орос улс, Манжийн эзэнт гүрэнтэй тохирон Алс дорнодын төмөр замыг байгуулж, эзэмшихээр болсон байдаг.
Төмөр замыг тавьж эхлээд Манжуур хотыг 1901 онд Манжуур өртөөг байгуулснаар үндэс суурийг нь тавьжээ.
Манж Чин гүрний нутаг дэвсгэр дээр хоёр геополитик ингэж уулзсан бөгөөд тэр цэгээ оросууд МАНЖУУР гээд нэрлэчихсэн бололтой. Хүн ам 300.000, нутаг дэвсгэр нь 790 орчим хавтгай дөрвөлжин км.

Хөлөнбуйр аймаг нь нүүрс, алт, зэсийн арвин нөөцтэй. Манжуурт гэхэд нүүрсний ил, далд хоёр уурхай ажилладаг.
Далд уурхай нь газар доогуур нэлээд ухсан тул хүн амьдрахад аюултай орчин гэж үзээд Манжуур хотынхоо зүүн талд шинээр засаг захиргааны нэгж район үүсгэж, уурхайчдын хотхон байгуулжээ.20161114_115515
Энд сургууль, цэцэрлэг, албан газрууд бүгд бий. Манай налайх шиг. Гэхдээ орчин үеийн, цэвэрхэн, тохилог дүүрэг/район/.

Манжуур хот нь өөрөө маш сийрэг, үндсэн таван том гудамжаас бүрдсэн, худалдаа, аялал жуулчлалын нэг бүс болон хөгжиж байна.20155630_10155024099428152_8140409200198314173_n

Манжуурт бас БНХАУ-ын хамгийн том модны үйлдвэр ажилладаг.
Хотын төвөөсөө зүүн тийш төв зам дагуу 10 гаруй км үргэлжлэх тус үйлдвэр нь модыг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болтол үйлдвэрлэл явуулна. ОХУ-ын Чита, Сибириэс модыг авчирч, мебель үйлдвэрлээд буцаагаад өөрсдөд нь зардаг.
Яг л бид БНХАУ-тай бизнес, эдийн засгийн ямар харилцаатай билээ. Тэр бас Оросуудад давтагддаг бололтой.

Хөлөнбуйр аймаг нь бас МАА-н том аймаг.
Энд малчид хамгийн доод тал нь 500 малтай. Улсаас мал маллахыг ихээхэн дэмждэг бөгөөд нэг толгой бүрт 500 юаний тэтгэлэг өгдөг. Монгол мөнгөөр ойролцоогоор 180,000₮ болох байх.

МАНЖУУР-ын нэг бахархал нь АРСЛАН ЗААН.
23476477_1613905505299103_1264229258_nБид Говийнхоо үлэг гүрвэлийн араг яс, өндөг ярьдаг шиг тэнд бас тийм.

1953 онд Нүүрсний хайгуулийн экспедиц ажлаа хийж яваад 50 гаруй метрийн гүнээс Арслан зааны бүхэл араг яс олсон байгаа юм. Лавшруулаад болгоомжтой ухаад явтал нийт 86 ш араг яс олдсон байгаа юм.
Чухамдаа нэг сүрэг байж. Одоо Арслан заанд зориулсан бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Жуулчид олон.
23435723_1613905495299104_1027039274_n

Орос газраас ирсэн шар толгойтнуудаас гадна БНХАУ-ын гүний дотор хүмүүс маш их.
Том том жийп унасан Хятадын баячууд хаяа дэрлэн нутаглах Манжуур, Хөлөнбуйраар зуныг өнгөрөөн, аялаж байна.
Тэд бүгд энэ цэцэрлэгт хүрээлэнд ирдэг.
Яагаад ч юм хэн нэгнээс айсан мэт царайтай, тэр олон Арслан зааны хөшөө зүүн урагш дутааж байгаа юм шиг баримлуудыг хийсэн байна.
Мунхаг надад энэ үед “Day after tomorrow” гэдэг нээх айхтар дааруулдаг кино санаанд орж ирнэ.
Яг тэр кинон дээр гардаг шиг мөстлөг гэдэг гэнэт дайрч, тас хөлдөөдөг байх.
Тиймдээ ч тэдгээр амьтад айсан мэт зугатааж, сүргийн эзэн дээш харан бусдыгаа дуудах мэт хөшөөг барьсан болов уу гэж төсөөлөлдөө автаж байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт гэж янзын. Өнгө алагласан цэцэг, янз бүрийн моддыг тарьж ургуулахаас гадна хүн алхах, зугаалах талбайг, замыг сайтар барьсан байлаа.20814779_1531905956832392_2057340707_n

Энэ завсар манай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэгдэх хятад бараа, шорлогны зах бодогдож байлаа.
Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнд очоод нэгийг бодож, хоёрыг тунгааж гарсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очихдоо энэ хог яах бол, ийх бол гэж дэмий юманд санаа зовох нь их.
Бид ч юмыг хийнэ гэж оромддог юм байна даа л гэж бодогдож байлаа. Уг нь нийслэл хотдоо хэнийг ч аваачсан нүүр бардам ярих, үзүүлэх ганц цэцэрлэгт хүрээлэн байгаасай л гэж боддог юм.
Тийм боломж, хөрөнгө оруулах нөхцөл манайд бүрэн дүүрэн байгаа л гэж хардаг. Шүүмжлээд унав уу даа.

20106466_10155024101228152_7621170134871996915_n

Хот нь шөнөдөө их сайхан гэрэлтүүлэгтэй. Оройн цагийг өдөр мэт гэрэлтүүлж байгаад яг шөнийн 12 цагт унтардаг. Нөгөө ҮЛГЭР ийн гэмээр гэж холбож хэлээд байдаг нь ч энэ гэрэлтүүлэгтэй ч зайлшгүй холбоотой байх.

Зуны цагт жуулчид их ирдэг болохоор зочид буудлын олдоц бага, мөн дээр нь үнэтэй болчихдог гэж байгаа.23476242_1613933641962956_527375472_n

Хамт явсан Монгол жуулчдаас асуухад хамгийн багадаа л 1 хоногийн 100,000₮ давсан байлаа. 1 хоногийн 100,000-160,000₮-д Монголчууд маань буусан шиг байсан.

Ер нь ингээд өнөөдөртөө дуусгая даа…. Оршил маань бас урт болоод зарим юмаа бичилгүй орхиё
Цаана үлдсэн нь Матрёшка, Музей болон Ногоон хэрэм, Салхин цахилгаан станц, дэд бүтэц, амралтын бааз гээд бусад зүйлсийг дараа хуваалцанаа.
#Манжуур#NewValueTravel,#Tour

Хариулт үлдээх