Цайны хэрэглээ нь анх 4000-аад жилийн тэртээ эртний Хятадад бий болжээ. Ногоон, хар, оолонг хэмээх үндсэн 3 төрлийн цай байдаг. Ногоон цай нь Японд маш өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд дэлхий дээрхи хамгийн чанартай ногоон цайг тэнд л тариалан боловсруулдаг байна. Эртнээс нааш Азийн ихэнх орнууд ногоон цайг ундаа болгон уухаас гадна уламжлалт анагаах ухааны нэгэн арга болгон хэрэглэсээр иржээ. Сүүлийн жилүүдэд хийгдэж буй шинжлэх ухааны болоод эмнэлзүйн судалгаагаар ногоон цай нь зүрх судасны өвчин, шүд хорхойтох, бөөрний чулуу, хавдарын эрсдэлийг бууруулж, ясны батжилт, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулдгийг тогтоожээ. Ногоон цайнд полифенол (катехин) хэмээх хүчирхэг антиоксидантын агууламж хамгийн өндөр байдаг. Антиоксидант гэж биемахбод дахь эсүүдийг өөрчилж, гэмтээдэг нэгдлүүд болох чөлөөт радикалуудтай тэмцдэг бодис юм. Мөн ногоон цайнд полифенолуудаас гадна каротинойд, токоферол, аскорбины хүчил (витамин С), эрдэсүүд тухайлбал хром, мангаан, селен, цайр, зарим фитохимийн нэгдлүүдийг агуулдаг.
Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:
- Хоолны хордлогоос сэргийлнэ
Ногоон цайны найрлаган дахь катехин хэмээх гашуувтар бодис нь хоолны хордлого үүсгэдэг бактериудыг устгадаг бөгөөд тэдгээр бактериудаар үүсгэгддэг хортой бодисуудыг устгадаг.
- Хорт хавдраас урьдчилан сэргийлдэг
Ногоон цайг тогтмол хэрэглэдэг Япон зэрэг орнуудад хавдрын өвчлөлийн түвшин маш бага байдаг. Түүнд агуулагдах полифенолууд нь хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судлаачид мөн полифенолууд нь хавдрын эсүүдийг устгахад туслан, тэдний ургалтыг зогсоодгийг тогтоожээ.
- Амны хөндийн эрүүл ахуйд эергээр нөлөөлдөг
Катехин нь кариогеник бактериар үүсгэгддэг шүдний хаг үүсэхээс сэргийлж, тэдгээр бактериудыг устгадаг. Мөн амны эвгүй үнэрийг бий болгодог бактериудыг устгадаг. Ногоон цай нь шүд цоорлоос сэргийлэхэд тустай байгалийн флуорин бодисыг агуулдаг.
- Цусан дахь холестеролын түвшинг зохицуулдаг
Ногоон цай нь нийт холестерол болон хортой LDL холестеролыг бууруулж, ашигтай HDL холестеролыг нэмэгдүүлдэг байна. Ногоон цайн дахь полифенол нь холестеролыг нарийн гэдсэнд шимэгдэхээс хамгаалж, биеэс гадагшлахад тусалдаг.
- Цусны өндөр даралтыг хянадаг
Ногоон цайн дахь катехин нь цусны өндөр даралтанд хүргэдэг ангиотензин-II бодисын нийлэгжилтийг дарангуйлдаг.
- Атеросклерозоос сэргийлнэ
Ногоон цайны антиоксидантууд нь атеросклероз, тухайлбал титэм судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Эрдэмтдийн судалгаагаар хүн өдөр бүр 1 аяга ногоон цай хэрэглэдэг бол зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг 11%-иар бууруулдаг болохыг тогтоожээ.
- Хөгшрөлтийн процессийг удаашруулдаг
Ногоон цайнд агуулагдах антиоксидантууд нь хөгшрөх процессыг удаашруулдаг. Ногоон цай нь антиоксидант үйлчилгээтэй Е витаминаар баялаг байдаг. Мөн катехин буюу полифенолууд нь маш хүчтэй антиоксидант юм.
- Жин хасах
Клиник судалгаагаар ногоон цайны ханд нь бодисын солилцоог эрчимжүүлж, өөх тосыг шатаахад тусалдаг байна. Хэдийгээр ногоон цай нь хурдан тураахад хангалттай байхуйц бодисын солилцооны түвшинг өсгөдөггүй ч түүний ханданд агуулагдах полифенол, каффейн зэрэг бодисууд нь термогенезийг идэвхижүүлж, өөхний исэлдэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд зүрхний цохилтыг өсгөхгүйгээр бодисын солилцооны түвшинг 4%-иар нэмэгдүүлдэг байна.
Хэрхэн хэрэглэх вэ?
Ногоон цайг хандалж ууна. 100 мл буцалсан усанд 2 гр нунтаг цай, эсвэл 150 гр-ийн аяганд 1 цайны халбагаар нунтаг ногоон цай хийж хандлана. Хандлах усны температур нь дунджаар +800С +850С орчим байх бөгөөд хугацааны хувьд 1-2 минут байна. Ногоон цайг хэт халуун усанд, удаан хугацаагаар хандалж байлгавал чанар нь буурдаг. Хэт халуун усанд хийснээс таннин хэмээх бодис нь алдагдахад хүрдэг бөгөөд уг бодисыг ихээр агуулдаг ногоон цайг хэрэглэхэд үүнийг анхаарах хэрэгтэй.
Япончууд хооллосныхоо дараа ногоон цай уудаг. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжин, хоолны шингэцийг сайжруулдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм. Өдөрт дунджаар 2-3 аяга (нийт 240-320 мг полифенол) буюу өдөрт 100-750 мг ногоон цай уухыг мэргэжилтнүүд зөвлөж байна.