OLYMPUS DIGITAL CAMERAЧингисийн талбай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай юм. Анхны нэр нь “СҮХБААТАРЫН ТАЛБАЙ байсан бөгөөд улсынхаа нийслэлийн төв талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хаанаараа нэрийдэх үүднээс 2013 оны 7-р сарын 15-с НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “ЧИНГИСИЙН ТАЛБАЙ” хэмээн нэрийдэхээр тогтсон. Талбайн төвд Сүхбаатар жанжины хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий.Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар 1923 онд нас барсан бөгөөд түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор одоогийн талбай байгаа газрыг нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ.
цэцэгАрдын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж, талбайг цардаж засжээ. Морьтой хөшөөний өндөр 4 метр бөгөөд суурийн хамт 12 метр болдог. Хөшөөний нүүрэн талд Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх үгийг Монгол бичгээр сийлбэрлэсэн байдаг. Хөшөөний эргэн тойронд бүдүүн гинжин холбоос бүхий чулуун арслангуудыг байрлуулсан нь “Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн санааг илэрхийлдэг. Үндэсний баяр ёслолын үеэр төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг.