Фүжи уул нь аль ч талаасаа сүмбэрлэн, үзэсгэлэнтэй харагддаг, дэлхийн хамгийн алдартай галт уулын тогооны нэг. Далайн түвшнээс дээш 3776м өндөр Фүжи уул нь Япон улсын хамгийн өндөр цэг юм. Энэ ч утгаар нь тус улсын бэлэг тэмдэг болсон, жуулчдын хамгийн их үзэхийг хүсдэг газруудын нэг юм.
Улсынхаа тусгай хамгаалалтанд байдаг тус уулын эргэн тойронд битүү ширэнгэн ой байдаг ба “Фүжи – Хаконэ – Изү” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг.
Фүжи ууланд жил бүр дотоод гадаадын олон мянган хүн авирч, дээрээс нь наран мандахыг харахыг хүсдэг. Уулан дээрээс харахад тээр дор үүл хөвж, үүлний дээгүүр нар тусах байгалийн нэгэн сонин үзэгдэл, учрал болох.
Тус уулруу уулын спортын анхан шатны буюу туршлага багатай хүмүүсийг 7-8 сарын хооронд авирахыг зөвлөдөг. Бусад үед бол цас хайлаагүй, эсвэл цас орсон, хальтирах аюултай гэж үздэг. Ихэнх авирагчид өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг. Жил бүр 200 000 хүн авирч гардаг ба түүний 30% нь гадаадын жуулчид байдаг ажээ.
Тус уул нь авирагчдад зориулж олон шатлалт зогсоолуудыг бэлдэж өгсөн байдаг бөгөөд ихэнх авирагчид 2300м өндөрт орших 5-р зогсоолоос дээш мацдаг. Энэхүү “зогсоол” нь уулчид тухайн уулын оргилд гарах хүртэлх зай болон хугацааны хамаарлаас авиралт хийх үед амрах, зарим үед унтах болдог тэр амралтын цэгээ тооцоолдог бөгөөд түүнийг зогсоол гэж оруулав. Энэ зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буцаж буухад 2-5 цаг зарцуулдаг. Ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дахь зогсоол хүртэл машинтай яваад, түүнээс дээш явганаар өгсдөг.
Фүжи уулын V зогсоол нь талбай томтой бөгөөд тэнд зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан зэрэг үйлчилгээний байгууллагууд байх тул жуулчид том оврын автобусаар ч хүрч очих боломжтой байдаг.