Өмнөд Солонгосын “Air Busan” компани Бусан – Улаанбаатарын чиглэлд 6-р сарын 24-нөөс нислэг хийхээр болж онлайн захиалга авч эхэлжээ.

“Air Busan” компанийн анхны нислэгээр Бусан руу зорчихоор бүртгүүлсэн эхний 100 зорчигч 99 мянган төгрөгийн төлбөр дээр такс 100 мянган төгрөгийг нэмээд нэг талдаа 199 мянган төгрөгөөр зорчих боломжтой болгосон байна.

Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад Airbus A320 онгоцоор нислэг үйлдэх ба нэг талын тийзний үнэ 183,000 вон байна гэж тус компанийн вэб сайтад мэдээлжээ.

“Air Busan” нь 2007 онд байгуулагдсан “Asiana Airlines” компанийн охин компани. Голдуу дотоодын нислэг үйлдэхээс гадна зарим гадаад чиглэлд “Asiana Airlines” компанитай код шэйринг хийж үйлчилдэг юм байна.

Бусан хот нь 3,6 сая хүн амтай, Өмнөд Солонгосдоо Сөүлийн дараагаар орох хоёр дахь том хот бөгөөд дэлхийд тэргүүлэх далайн боомт, аж үйлдвэрийн төв бүс юм.  Бусаны боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.