Та аялахаар төлөвлөхдөө юуг нь түрүүнд харж сонголтоо хийдэг вэ?
Мэдээж энэ асуултанд хүмүүс олон янзаар, өөрөө өөрийнхөөрөө л хариулах байх. Жишээ нь үнэ, нислэг, унаа, тээвэр, аяллын чиглэл маршрут, хөтөлбөрт юу юу багтсан, зочид буудлын зэрэглэл, хоол, үзвэр үйлчилгээ, аяллын чанар-үйлчилгээ гээд олон хувилбар гарч ирэх нь мэдээж.
Хамгийн чухал нь аялагч та тухайн аяллаас ямар аз жаргал, кайф, сайхан мэдрэмж, дурсамж, тухайн газар орны талаарх мэдлэг, мэдээллийг олж авах вэ, миний аялах аяллын зорилго, хүсэл тэмүүлэлтэй нийцэж байна уу гэдгийг өөртөө нэн тэргүүнд тавих нь зүйтэй.
Удаагаар нь энэ аялалд явснаар би хэрхэн тохь тухтай амарч чадах вэ, бууж буй буудал, идэж буй хоол, үзэж харах үзвэр үйлчилгээ, хөтөч, жолоочийн ур чадвар, мэдлэг, харилцаа, тухайн компанийн үйлчилгээнд би сэтгэл ханамжтай байж чадах уу гэдгийг өөрөөсөө асуух.
Мөн тухайн аяллын үнийг миний энэ хүсээд байгаа үйлчилгээнд таарч байна уу, би тухайн үнэнд энэ бүх үйлчилгээ, сэтгэл ханамж, мэдлэг, кайфыг авч, мэдэрч чадах уу гэдгийг, бас аяллын үйлчилгээ үзүүлж буй тур компаниудын үнэ нь яагаад ийм өөр өөр байгааг, хөтөлбөр нь ямар ялгаатайг, үзвэр үйлчилгээнд нь юу юу оруулсныг, би хэт хямд үнэтэй аяллаар явах нь зөв сонголт уу, яагаад ийм хямд юм бол гэдгийг асууж маш сайн судлах нь зүйтэй болов уу.
Энэ бүх мэдээлэл дутуугаас, өөрөөсөө жаахан мөнгө харамлаж, хэмнэсэнээс болж сэтгэл ханамжгүй, ядарсан, бухимдалтай, тухайн орны соёл, ёс заншил, хоол, жуулчдын нэр тэргүүнд үзэж сонирхдог үзвэр үйлчилгээг авч, мэдэрч чадалгүй ирэх нь олонтаа. Аяллын стандартыг гажуудуулсан, нэр хүндийг унагасан, мөнгийг нь л авч байвал болоо гэсэн хандлагтай, аялал гэж ийм л байдгийн байлгүй гэсэн стандарт унагасан, буруу ойлголтыг төрүүлж буй чанаргүй аялал олширсоор. Аялагч, жуулчлагч та л өөрөө энэ бүхнээс зөвийгөө, ач холбогдолтойгоо сонгох хэрэгтэй.
АЯЛАЛ БОЛ ТАНЫ АМЬДРАЛЫН ДУРСАМЖ БОЛОХООС БУХИМДАЛ БИШ!!!