Гандантэгчэнлин хийд нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм.
Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хүлгэн” гэсэн утгатай бөгөөд ихэнхдээ “Баруун хүрээ” хэмээн нэрлэгддэг байна. Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь нь тавигдаж, 1838 онд Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар “Их хот мандалын сүм” байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Сүүлд Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан боловч их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. Харин 1944 онд хийдийг “Мөргөлийн дуган” нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ.
Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоо Гандантэгчэнлин хийдийг тэргүүн хамба лам Дэмбэрэлийн Чойжамц удирдан явуулж сүсэгтэн олондоо хоёргүй сэтгэлээр үйлчилж байгаа билээ.
Тус хийд нь одоо гүн ухааны Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх гурван дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Бурханы шашны эрдэм ухааны сургууль, дацангуудтай юм.
Ангилал