ФҮЖИ УУЛРУУ ӨГСӨХ АМ

2016.06.23

Фүжи уулруу авирдаг ам нийтдээ 4 байдаг. Бид тэр дундаас Токио хотоос хамгийн ойр гэдгээр нь ЁШИДАГИЙН АМ-аар дээш өгсөнө.

mtfuji_root_ct1ЁШИДАГИЙН АМ-КАВАГҮЧИ НУУРЫН АМ

Үндсэн цаг: Авиралт 5 цаг/ Буух 3 цаг

Манай авиралтын эхлэх цэг бол Гогомэ буюу 5-р цэгээс эхэлнэ. Бид 5-р цэг хүртэл автобусаар очих бөгөөд тэндээ хооллож, хэсэг амарна. Тэгээд хувцас хэрэглэлээ сольж, бэлтгэлээ базаагаад дээш алхалтаа эхлүүлнэ. Фүжи ууланд авирдаг хүмүүс ихэнх нь энэ замаар эхэлдэг.

5-р цэг нь хүнсний болон уулын хэрэгсэл зардаг жижиг дэлгүүрүүд, хоолны газрууд зэрэгцэн оршдог, амралтын цэг юм.

Алхалтыг эхлэхийн өмнө багаараа цуглаж, зорих цэг болох ФҮЖИ ууландаа мөргөж, хүндлэл үзүүлж, урьдчилсан тохирсны дагуу багийн хуваарилалтаа нягталж, хэрхэн алхах вэ гэдэг зааварчилгааг туршлагатай хүмүүс маань зөвлөсний дараа АВИРАЛТ, АЛХАЛТАА эхлүүлнэ.

Бидний авиралтын замд Япон зэс цэцэг, Хонгорзул цэцэг, хадны өвс зэрэг өндөр уулын бүсэд ургадаг цэцэг, ургамалууд ургасан байх бөгөөд энэ нь 3300м өндөрт орших 8-р цэг хүртэл байна.

8-р цэгээс дээшээ бол хад чулуу, галт уулын чулуулгууд үргэлжилнэ. Бид маш болгоомжтой алхаж, гараараа түшиж, таягаараа тулгуур хийн аажим урагшлах болно.

Зарим газар хамгаалалт хашлага, бүдүүн олс байх бөгөөд түүнээс татаж, түшин дээш авирах боломжтой. /Энэхүү хашлага олсны үндсэн зориулалт нь авирч, буухдаа төөрөхгүй байх тэмдэг болгож босгосон хэдий ч авирагчид  үүнийг нь барьж дээш, доош явдаг болсон. Мэдээж олон хүн зэрэг авирдаг болохоор төөрөх аюул байхгүй л дээ/. Олсноос барихдаа магадгүй гадас нь сугарах эсэх, тасрах эсэх зэргийг сайн нягтлах нь зөв. Харанхуйд бас хэт найдах нь буруу болох магадлалтай.

Манай энэ замд нийтдээ 15-20 орчим Ууулын байшингууд таарах бөгөөд тэдний алинаас нь ч оройн нар жаргах, өглөө нар мандахыг харах бололцоотой байдгаараа онцлог.

ФҮЖИ УУЛАНД АВИРАХ, БУУХ ХУГАЦАА

АВИРАЛТ: 5-р цэгээс оргил хүртэл хамгийн энгийнээр 5 цаг орчим алхдаг. Бидний дунд настай, эсвэл хөл нь өвдөж барих хүн байвал ойролцоогоор 6 цаг орчим алхана.

БУУХ: Буухдаа Оргилоос 5-р цэг хүртэл алхах бөгөөд дунджаар 3 цаг орчим болно. Багийн гишүүд ядарсан, хөл гар нь өвдсөн, шөрмөс татах гэх мэт тооцоолоогүй шалтгаантай бол 4 цаг, түүнээс бага зэрэг илүү хугацаа шаардагдах нь бий.

ФҮЖИ УУЛЫН ОРГИЛ/ ГАЛТ УУЛЫН ТОГОО

БАЙРШИЛ: Зүүн уртрагийн 138 градус 43 мин. /Хойд өргөрөгийн 35 градус 21 мин солбицолд оршдог.

ГАЛТ УУЛЫН АМ: Тойргийн урт 700м, Гүн нь 220м /Хөвсгөл нуурын гүнтэй адил/